Tuesday, July 12, 2022

Зүгээр л тэвэрсэн, тэврэхийг хүссэн болохоор тэвэрсэн.

Урд нь унтаж байхад нь уруул дээр нь үнсэх хүсэл төрсөн ч чадаагүй, харж байгаад л гараад явчихсан, гэхдээ чамайг юу мэдэрснийг би ч бас мэдэрсэн, чи тэр үед бас л над шиг үнсээсэй гэж хүссэнийг үл мэдэх утас чичирхийлэн дамжуулсан.

Ном уншиж байгаад хийх ёстой бол эргэлзэх юун, ирээд тэврээч гэсэн өгүүлбэр байсан,  тэгээд аягүй зориг ороод хэрвээ надад тэгж санагдвал очоод шууд тэврэнэ гэж шийдсэн. Чиний намайг үнэрлэх, хүрч чадахгүй гараа атгах мөч, үнсэж ч чадахгүй өөр үйлдэл хийхийг би ч бас мэдэрдэг. Догдлом, дурлам цаг мөч, дахиж үл давтагдах хайрын салхи... Тиймээ бидэн хоёрт ижил хүсэл бий. 

Тэр нэгэн өглөө чи минь хөнжлөө нөмрөөгүй тэгсэн атлаа хамаг биеэ хураачихсан унтаж байсан. Хөнжил нөмөрч өгөхдөө үнсмээр, эрхэлмээр санагдсан. Тэгээд уруул дээр чинь үнсэх гэсэн чи хацраа өгч байна, нүдээ томруулаад гайхсан харцаар харсан чинь тамхи татсан муухай байгаа гэдэг байгаа. Хайр хүргээд эгдүүтэй ш дээ. Тэгээд зүгээр л тэврэлдэж хэсэг хэвтэв, мэдээж хэн нэгэн орж ирсэн кк. Ханахааргүй тийм мэдрэмж, дараа нь яг ингэж дээрээ гаргаад хэвтүүлнэ гэж тэр хэлсэн, түүнд ч бас сайхан байгаа нь илэрхий. 

Зүгээр л чамтай юу ч хийхгүй эрхэлмээр санагдах, үнсмээр санагдаж байгаагаа хэлсэн чинь би мэдэрдэг шүү дээ, тэгээд тэрэндээ гомдоод үл тоож хөндий харьцдаг ш дээ гэж байх юм, яг ч түүнээс болж үл тоосон дүр үзүүлээгүй ч надтай ярилцахгүй, нүд рүү ч харахгүй дөлөх тэр үед чинь хичнээн их гомдож уйлснаа санаж байна. Ингэж л яах нь тодорхойгүй харилцаа ойлгомжгүй байдлаас болоод зүрх минь хичнээн ихээр шархалж, тэр хэмжээгээрээ хайр гуйж амьдрахгүй юм шүү гэсэн адын бодол төрж үл тоож эхэлсэн минь үнэн билээ. Гэхдээ яагаад чи яг тэр үеэсээ буцчихсан юм бэ? Зөндөө их ядарлаа ч, хүмүүс намайг буруугаар бодохоос  сэргийллээ ч гэсэн нүд рүү минь харах чиний харц яагаад  дальдарсан юм бэ?

Бүх юм болдгоороо болж байрандаа орох цаг хүртэл зүгээр л биесээ хайрлая, гомдох, уурлах хэрэггүй шүү гэж тэр чихэнд минь шивнэсэн... Хэзээ нэгэн цагт салж явах нь тодорхой харилцаа, чамд ч бас айдас байдаг юм байна, тийм л учраас надад дасахаас эсвэл хайрлахаас айж байх шиг, тэгсэн мөртлөө юу л болвол болог гэсэн шиг сэтгэл мэдрэмжээ аргамжиж чадахгүй сул орхих шиг санагдаж байна. Хэний ч хардаггүй улаан утас бидэн хоёрыг холбоод ярьдаггүй зүгээр мэдэрдэг тэр нэгэн долгионоор хоёулахнаа алхахдаа жаргалтай байдаг, ойртоход бүдүүрч холдоход нарийсдаг утас хэзээ жигдэрч нэгэн хэмжээтэй болох вэ?

Тэгж тэвэрсэн эсвэл тэврүүлсэн өдөр бүхэлдээ аз жаргалтай, бүрэн дүүрэн, хайр гэрэлтсэн сайхан өдөр болж өнгөрч билээ. Шинэ цус хайж байна гэж битгий дахиж хэлээрэй, ямар хэрцгий сонсогддог гээч... бодож явдаг хүн минь тэгж хэлэхээр... хэдий тэгж хэлсэн ч хэзээ ч шинийг хайгаагүй, ямар ч үйлдэл хийгээгүй гэдэгт итгэх хэрэгтэй шүү хайрт минь. Намрын манан будан татаж, зүсэрсэн хүйтэн бороотой байсан ч сэтгэлд минь гал дүрэлзэж байв. Галзуу сексийн дараах ханасан мэдрэмж шиг, биеэр биш сэтгэлээр жаргаж түүндээ уусан уусан замхрах, хязгаар луу одох мөч сайхан юм. Анхны хайраа харчихаад урд нь огт хайрлаж байгаагүйгээр хөнгөхөн хүлээж авах мэдрэмж бас л их хоржоонтой юм даа. 

Ном дор мөргөмүү, тэр л ном надад ийм хүчийг өгсөнд бас намайг хайрласан чиний сэтгэлд талархаж байна. Гэгээрлээс холдсон хором, дэлхийд хүлэгдэх нэгэн утас чангарч байна. Энэ амьдралд хайртай, энэ насандаа ч хайртай, хоргодох зүйл үгүй, зүгээр л мэдэрч, амьсгалж байгаадаа талархаж байна. Баярлалаа гэрэлт ертөнц минь, хүмүүний бие минь...


No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...