Friday, June 12, 2020

Хамтрагч

Гоо үзэсгэлэн гэдэг шүүдрийн дусал мэт богино настай
Түүнийг ариун сайхан сэтгэл, эрдэм номоор чимэж 
Мөнхөд орших рашаан болговол зохилтой.

Гоо үзэсгэлэн эрэгтэй хүнд ч бас байдаг гэж боддог.  Дотоод сэтгэлийн хамгийн их хүч түүний бүрдүүлж бий болгосон өнгөрсөнд байх шиг. Хязгааргүйгээс гарч ирэх дотоод сэтгэлийн мөн чанарыг гаднаас нь хараад мэдэх ямар ч боломж байхгүй. Гагцхүү нэвтрэх л хэрэгтэй....

Хязгааргүй ертөнцийн нэгэн хаалгаар орж түүнийг хоромхон ч гэсэн мэдрэх азтай үе надад гарсанд талархаж байна. Түүнийг би танигдаагүй гариг гэж бодсон. Тэр өөрийнхөөрөө гэрэлтэн байхдаа хэний ч анзаараагүй гайхамшгийг өөртөө нуусан бүхэл зүйл байсан. Хамгийн ойрын хүн нь ч түүний мөн чанарыг ойлгоогүй ч байж мэдэх..

Түүнийг бодохын төдийд гариг эрхэс, сансар огторгуй санаанд ордог. Учир нь тэр хэн бүхэнд сонирхолтой юм шиг мөртлөө хэний ч нээж чадаагүй нууц гариг байсан. Угаасаа энэ зүйрлэлд тохирох нэг тийм оюунлаг хүч учраас...

Тэр маш дэгжин, түүний эрс шийдэмгий хувцаслалт, өөртөө итгэдэг зан чанарт үнэхээр тохирсон харагддаг.  Биедээ таарсан мах шөлтэй, түүнд дээл их зохидог, бас маш хурц тод өнгөний сонголт нь ч надад таалагддаг. Гаднаас нь харахад анхны харцаар бол дурлахаар хүн биш. Харин түүний тархины булчингаар анх удаа аялаад дурлачихсан. 

Би түүнийг хүн гэж нэрлэж чадна. Оюуны чадавх хэтийдсэн нэгэнтэй таарч байсан ч түүнд би бишрэл хүндлэлийг үзүүлж чадаагүй. Хүний ертөнцөөс гадагшаа сэтгэхүйтэй түүний оюун санааг хүн болох гэж тэмүүлж яваа над мэтийн хүн ойлгоход бэрх. Оюуны чадавх, тархины булчин гэдэг зүйлийг өөрөөр харах болсон. Өөр нэгэн хэмжээсийн хүнтэй таарсныхаа дараа чухам энэ хорвоод хүн байхын утга учир юунд байдаг талаар байнга бодох болсон...
Харин тэр л мянган асуултын маань хариултыг цаг хугацаа надад хэлж өгсөн юм. Хүн байхын гол утга учир өөрөөрөө байхыг, мөн өөртэйгөө адилхан хүнийг олж нөхөрлөх, хамтран ажиллах, тэмүүлэх сэтгэл байдаг юм байна. Өөрөөрөө байна гэдэг нь өөрөө ямар ч  хүсэл мөрөөдөлтэй байсан бай, юунд ч тэмүүлж болох хязгааргүй орчилд уусан нэгдэхийг хэлнэ. Чухамдаа зөв, буруугийн дэнс энд байхгүй....

Нэгэн зорилгын төлөө бүхэл болж чадсаны хувьд би түүнийг хайрладаг. Хайрлуулах нэг зүйлийг тэр хийсэн, тэр нь өөрийнхөөрөө байдаг зан чанар, дадал зуршил эсвэл гэрийн хүмүүжил. Аль нь ч байсан хамаагүй тэр хэрэгтэй цагтаа дэргэд минь байж хаа хүрэх нь тодорхой ч ямар замаар явахаа мэдээгүй тэр аялалд оролцсон юм.
Хэнтэй ч нэгэн зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь.... гэдэг шиг түүний хэнтэй ч өөрийнхөө байдаг занд нь татагдаад болж өгвөл хамтарч ажиллах бусад харилцаанд түүнтэй хамт явахыг илүүд үзэх болсон. Эцсийн бүлэгт бууж өгөхийн даваан дээр босгож өндийлгөсөн далдын хүч байсаан тэр...

Одоо бодоход тэр байхгүй байсан бол үр дүн гаргаад, хийсэн ажлаа хараад суух байсан уу гэдэг маань ч эргэлзээтэй санагдах.. Түүнгүйгээр ямар уур амьсгал бий болох байсан бол? Хийж байхдаа мэдрээгүй айдсаа би бүх зүйл дууссаны дараа бодоод айдаг. Өөрийнхөө төсөөлж байснаас илүүг хийсэн гэж бодохоор надад сайхан санагдаж байна. Тэгээд миний хажууд тэр байсан болохоор бүүр ч сэтгэл өег байна.

Хувь тавилан бид хоёрыг сайн хамтрагчид байхаар төлөвлөжээ гэж боддог. Бие биедээ итгэж, бие биенээ хурцалж, дараа дараагийн хийх ажлын суурийг бат тавьж өгч байгаа бидний эхний ажил амжилттай байлаа. Ингээд ч дуусахгүй улам улам сайжруулсаар бид нэг л өдөр түүний хэнч нээгээгүй шинэ гаригийн нэрийг зарлан тунхаглах болно оо. Учир нь би түүнийг өөрийнхөө тэр гэрлийг замаа олохгүй бүдчин яваан хэн нэгэнд замчлах гэрэл байгаасай гэж хүснэм. Тэр өөрөө ч мэдэлгүй миний дэргэд хамаг тодоороо гэрэлтэх од байдаг юм.

Түшиг тулгуур гэдэг үг яг л түүнд тохирно. Хайртай гэр бүл, хамт олондоо хоймор дүүргэсэн ханагар сайхан аав, хань, ажлын хамтрагч. Харин надад урагш тэмүүлэх хүсэл мөрөөдлийн минь хүрэх замын түшиг. Энэ л амьдралын минь хийж бүтээх ид насанд минь зэрэгцэн алхаад итгэл, зүтгэл, тэмүүлэл, гэрэлтэн буй ирээдүйн төлөө хамтдаа урагшилж буй хамгийн түшигтэй хамтрагчдаа зориуллаа. Бидний хийсэн бүхэн бусдад сайнаар дуурсагдаж мөнхөд орших рашаан шиг ундарч байх болтугай. Гоо үзэсгэлэнгийн тэнгэр биднийг ивээлдээ багтааж хайрла... 

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...