Saturday, March 18, 2023

Охин үр минь

 Урд шөнө би зүүд зүүдлэсэн. Үйл явдал нь бүрхэг чухам яг ямар учраас зүүдлэснийг мэдэхгүй. Өглөө босохоос өмнө юуны төлөө амьдардаг юм болдоо гэж бодож сэрсэн. Тэгээд “Хүний орчлонд хүн гуйж ирдэг юм шүү дээ” гэж нэг дуу хоолой хэлснийг саналаа. Сонин шүү…

Охиндоо дүү гаргаж өгөх цаг болж дээ. Миний охин чинь ээждээ ирэх л гэж ирсэн үр юм шүү дээ. Хувь тавилан гэдэг таашгүй байж болох ч сонголт хэзээд л байдаг. Олон үгүй гэсэн сонголтоос үр минь тиймээ гээд инээмсэглээд ирсэн. Анх эход үзүүлэхэд зүрхний чинь цохилтыг чангаар сонсгож, бараг нүүр нь бүрэн бүрэлдээгүй томоос том нүдтэй харагдсан чи минь над руу хараад инээмсэглэж  билээ гэж яриулах их дуртай. Угаас тэр ураг ингэж тод харагдаад ээж рүүгээ инээнэ гэдгийг хэн ч төсөөлөхгүй байх. Эмч наашаа хараад инээж байна гэж хэлээд л.. Тэр л өдрөөс надад дараастай байсан сэтгэлийн их дарамт зүгээр л замхарчихсан. Чиний тэр инээмсэглэлийг харах хүртэл би өөрийнхөөрөө биш бусдад таалагдахын тулд амьдардаг байснаа ухаарсан.

Аль хэдийн хувилдчихсан байсан хувь тавиланг би хагас жил бодож эргэцүүлсэн болж таарсан. Хязгааргүй хүслийн минь төлөөсийг чи минь хааж ээждээ ирсэн. Сурч боловсроод тэндээ их л удах юм шигээр төсөөлсөн болохоор Монгол руу буцах хайран санагдаад байсан. Одоо бол эх орондоо ирсэн сонголт минь зөв санагддаг. Хүслийг чинь биелүүлье, хүрээд ир, ирэхдээ эрдэнэ дагуулаад ирээрэй гээд явуулсан ч юм шиг… даажинтай хорвоо шүү..

Чамайг минь ирэхэд эмээ чинь чамайг өргөж дийлэхээргүй тийм сул биетэй байсан. Өвөө эмээ хоёр нь гэртээ тогтдоггүй, хоёр тийшээ харсан хачин хөндий хүмүүс угтаж билээ. Нэг л өөр орчноос тэс ондоо газарт ирсэн чи минь хоёр шөнө хөрвөөгөөд ээжийгээ ч сайн амраагаагүй шүү. Тиймээ өөр орчин…

Охин минь өдрөөр биш цагаар өссөн юм шиг санагдаад байх юм. Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг байдаг нь үнэн ажээ. Одоо аль хэдийн том болчихоод ээжээсээ халамж хайр хүсээд, би уйдаад байна, надад хөгшрөхөөсөө өмнө дүү гаргаад өгчих гээд элдвийн л юм хүсдэг боллоо. 

Өчигдөр миний охин ээжийнхээ чернилийг нилд асгаад гараараа цаасан дээр юу хийх гэж байсан юм бүү мэд жаахан байхдаа хэзээ ч тэгж заваарч байгаагүйгээр туршилт хийчихсэн зогсож байсан. Би бүүр шок, яагаад черниль асгасныг ерөөсөө ойлгоогүй. Тэгээд олон юм хэлж ч чадаагүй, одоо ч би яг юу хийх гэж байсныг нь ойлгохгүй л байна. Миний охин ганцаардаж байгааг ээж нь ойлгож байгаа ч үргэлж хамт байж, дандаа ярилцаж чадахгүй ёстой муу ээж юм даа охин минь…

Миний охин чинь төгөлдөр хуур сайхан тоглодог, ширээний теннисдээ явж байгаа энэ хоёрыг нь тууштай сурахад нь дэмнээд өгье дөө. Бусдаар бол чи өөрөө өөрийгөө олоорой. 

Охин минь дээ ээж нь үргэлж чиний дэргэд байхгүй ч байх хугацаандаа л дэмжээд хайрлаад загнаад байж байя болох уу?












Tuesday, March 7, 2023

Мөнгийг хүссэнээрээ зарцуулмаар байна

 Хачин гунигтай, бугшсан, бачимдсан мэдрэмж…

Мэдэхгүйгээсээ болж санхүүгийн хохиролд орчихлоо. Зүгээр л өөрийнхөө хийсэн энэ үйлдэлд, дандаа хөнгөн хуумгай ханддаг зангаасаа болоод би мөнгөө алдчихлаа. Одоо их мөнгө биш байж болох ч цаашид иймэрхүү алдаа гаргасаар байвал илүү цохилтод орох бололтой. Өөрөөсөө харамлаад байгаа мөртлөө мөнгө минь мөнгө болохгүй байна, би буруу амьдраад байна.

Санхүүгийн хувьд өсөн дэвжихгүй байна. Зээлнээс зээлийн хооронд байгаа мөртлөө, өөртөө зориулсан хөрөнгө оруулалт байхгүй мөртлөө, хангалттай тансаг амьдрахгүй байгаа мөртлөө санхүүгийн тал дээр санаа минь зовохгүй байгаа өөртөө гайхаж байна. Хоёр идэхгүй хоосон идэхгүй амьдраад байгаагаа болоод байна гэж бодоод байна.

Гэтэл би өргүй, өөрийн хүссэнээр идэж, ууж, хэрэглэж, зарцуулж, бүтээж, түгээж амьдармаар байна. Мөнгө бодож биш зүгээр гайхамшиг хэрхэн бүтээх вэ гэж бодож бүтээлч амьдармаар байна.

Цалин минь намайг газар шороодуулахгүй мөртлөө тэнгэрт нисгэхгүй байна.

Яаваль юу хийвэл, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байж дүүлэн нисэх вэ? Бачимдаад байна аа


Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...