Monday, February 18, 2019

Чамд хүрэх миний сэтгэл нэгэн цагт өнгөрснөөс өнөөдөрт ирэх болно. Хайртай дүүгээ хамгийн сайн сайхан явуулахын тулд олон алдааг хийсэн байж мэдэх юм. Чамаас би уучлалт гуйхгүй ээ.
Энэ л орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа дүү минь бурхнаас илгээсэн үүргийнхээ дагуу бидний дунд мэндлээ байлгүй.

Тэмдэглэлийн дэвтэр

...Тэмдэглэлийн дэвтэр гэснээс тэртээд одсон нэгэн дурсамж санаанд буугаад хэд хоног бодогдов.Тэр нэгэн саруулхан шөнө унтахаасаа өмнө маргааш босоод бичээд үлдээчихье гэж бодоод унтсан биш санаа минь амрах шинж алга. Ер нь ямар нэг юм хийе гэвэл унтахаасаа өмнө бодчихвол яаж ийгээд хийгээд байх юм биш юм биш үү.
Олон юм нуршаад яахав эхлэе дээ. Тэр нэгэн дунд ангийн шавилхан цагаан охин байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээр элдэв юм бичих сонирхол ид төрөөд байсан үе л дээ. Жинхэнэ өсвөр насны охины өрвөлзсөн сэтгэлээр хайрын дуу шүлэг, хун мун, элдэв шалдав зүйлийг эрээчинхэн өөрийнхөө сэтгэлийг баясгаж цагийг өнгөрөөх болсон юм.
Тэр явдал хавар өнгөрч байсан л болов уу гадаа ямартаа ч дулаахан цамцтайгаа явдаг болсон үе байсан юм. Ганц дотны найз маань надад дэвтэр бэлэглэлүү, эсвэл худалдаж авсан билүү, хоёулаа л шинэ дэвтэртэй болсон юм даг. Тэгээд хийх юмаа олж ядсан бидэн хоёр нь зэрэгцэж сууж байгаад ангийнхаа хүүхдүүдийг эрэгтэй эмэгтэй ялгахгүй бүгдийг нь толгой холбож муулж бичсэн юм даг. Тэрүүхэн тэндээ бас баясаад их л зугаатай тэмдэглэж үлдээсэн юм. Тэгээд тэр нэгэн хар өдөр яагаад тэр дэвтрээ сургууль руу авч явах бодол төрсөн юм байгаан? жижигхэн хар цүнхээ гайхуулах гэж байсан юм байна ш дээ нээрээ, тэгээд ч тэр цүнхэнд тэр тэмдэглэлийн дэвтрээс өөр юу ч багтахгүй л дээ, гайтай ганган цүнх...
Өө тэгээд нуруунаасаа салгахгүй үүрээд л, хүүхэд бүрийн анхаарлыг татаад додигор амьтан маасайгаад явж өгсөөн. Тэгээд биеийн тамир ор луу, яалаа тэр цүнхээ нэг анзаарсан байхгүй хаачсан бүү мэд. Ингээд миний хар дарсан тэр нэгэн өдрийн өрнөл хэсэг тэнд өрнөсөн юм даа.
Хичээлээсээ тарахдаа би жижиг цүнхгүйгээр харисан юм даг. Хүүхэд насны гэгээн цайлган зангаараа бүгдийг гээгээд юу ч саналгүй инээд алдаад буцаж сургуульдаа очихдоо ангийнханы харц огцом, ширүүн болсныг анзаарлаа. Яасын бүү мэд!!!
Тэгээд миний ард суудаг дотны нэг найз маань гомдолтойгоор надад уурлахад дэвтэр дээрээ юу гэж бичсэнээ санасан байдаг юм. Өө хөх тэнгэр минь тэр гайтай ганган цүнх хаашаа орчихвоо?. Чиний дэвтрийг манай ангийнхан бүгдээрээ тойрч зогсож байгаад уншсан. Эгоо та хоёр бичсэн юм уу? та хоёроос бусад бүх хүүхдийг муулсан байна лээ гэх нь тэр... Өө дөш
Хэн миний цүнхийг авсан бэ гээд асуусан муу хип хоп Зоригоо, чи муу хүний юманд дураараа хүрдэг хэн бэ? гээд хайгаад тэр өдөр олоогүй. Ингээд миний ангийнхан дундах нэр хүнд шалаар нэг унасан юм даа. Тэр явдлаас хойш надад насан туршаа дургүй болсон хүүхэд ч байдаг юм, насан туршаа нь хаашаа юм дээ гэхдээ л дургүй хүүхэд бий бий. Бусад хүүхдүүд юу гэснийг санадаггүй юм, юун тэднийг сонсох чихэн дээр харанга дэлдсэн юм шиг таг дүлий хүн шиг болж билээ. Эгоод нөлөөлсөн ч юм үү үгүй юмуу бүү мэд, тэр үеийн бараан хэсгийг шууд мартах гэсэн командаар мартсан даа, гэвчиг өсвөр насны сэтгэл хөөрлийн тэр нэгэн дурсамж харин мартагддаггүй бололтой, юу хэлж байсан би юу гэж хариулж байснаа санадаггүй ч муухай зүйл хийснээ л хамгийн тод санадаг юм.
Харин тэр их дарамтаас би төвөггүйхэн салсан юм. Хип хоп Зоригоо руу богинохон мөртөө нэлээд хатуу үгтэй захиа бичээд үеэлээрээ дамжуулсан юм. Магадгүй тааралдаад хэрэлдсэнээс хамаагүй үр дүнтэй арга болсон юм даа. Би ч хэрэлдэж чадахгүй харин ч уйлаад булайгаа дэлгэх байсан байх өө. Ямартай ч манай үеэл чи ямар аймар захиа бичдэг юм бэ гээд инээж байсан нь нүдэнд одоо ч харагддаг юм. Маргааш нь нэг цаас нисээд миний урд буулаа. Хайрын захиа ч ингэж авч байгаагүй хүн гайхаад л харсан чинь УУЧЛААРАЙ гэсэн үг байлаа. Эргээд харсан Зоригоо, бидний үед бас уучлал гуйх чадвартай  хүүхдүүд олон байжээ, надаас бусад нь кк. Би угаас урд орой нь захиа бичиж байхдаа хамаг бухимдлаа гаргаад биччихсэн байсан болохоор тэгж бичихэд нь бараг хайр хүрч билээ. Тиймээ би ангийнханаасаа хэнээс нь ч уучлалт гуйгаагүй л дээ. Гэхдээ тэр үед бодогдож байсан бодол гэвэл өөрийгөө бас холбоод бичдэг байжээ гэж кк. Гэнэн хүүхэд насны тэр явдал надад амьдралын минь турш мөрдөх үндсэн зарчмуудын нэг болсон юм даа. Харин ч эрт мэдсэн дээ, Зоригоо миний дэвтрийг хулгайлсанд, дотно найз минь гомдонгуй уурласанд, чамайг нэг алгадчих юмсан гэсэн ангийн охинд одоо бол би баярладаг. Манай ангийнханы тэр бухимдал хүүхэд настайгаа хамт, бараг заримд нь огтоос болоогүй, ой тоонд нь орохооргүй дурсамж болоо байлгүй. Ид залуу нас, ажил амьдралын аль нэг дээр болсон бол хэзээ ч арилахааргүй толбо үлдэх байсан бизээ. Энэ цагаас хойш би гэдэг хүн надад л муу зүйл хийж гомдоогоогүй бол хүмүүсийг муулж, хов базахаан байж, хов базаж байгаа хүмүүсийн яриан дунд орохгүйгээр чимээгүй сонсож, түүнийг цааш тараахгүй байж чадах чадварт бүрэн утгаараа суралцсан байдаг юм.
Энэ чадвар бол орчин үед газраас эрдэнэ олсон лугаа адил үнэт чанар билээ. 
Тэгээд тэмдэглэлийн дэвтрийг минь яасан бэ гэж үү? Тэд нар тойрч зогсож байгаад бүгдээрээ шатаасан гэсээн, хэрвээ тэд надад бүтнээр нь өгсөн бол өдгөө хамгийн дурсамжтай дурсгал болох байсан нь дамжиггүй. Хамгийн гол нь Эгоо бид хоёрын бичсэн тэр мөртүүд бол яах аргагүй үнэн үгс байсан нь дамжиггүй, бид хүүхэд байсан юм шүү дээ тэгэхэд...
Тэр цагаас хойш хүн муулахаа больсон ч тэмдэглэлийн дэвтэр дээр бичих сэдэл минь хэзээ ч унтраагүй юм. Угаас миний сэтгэгдэл хаана ч бөхөхгүй галын дөл болон тэхэд л үлдсэн юм даа. Олон олон тэмдэглэлийн дэвтрийн минь нэгэн хэлтэрхий блог минь чи юм шүү дээ.
2019 он


Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...