Friday, June 14, 2019

Дурласан болохоор явлаа янаг минь

Түүний бүх юм энгийн, бүүр харц нь хүртэл...
          Яг ийм хаврын өдөр түүнийгээ анх удаагаа харсан. Замын турш нэр усаа мэдэлцээд хорвоогийн түмэн зүйлсийг ярилцахад нь би түүнийг сонсохоос илүү дараагийнхаа ажлын талаар төлөвлөж явлаа.  Буудалдаа байрласан дулаахан орой хүчээр тэврээд уруул дээр үнсээгүй бол тэр хэзээ ч миний нүдэнд өртөхөөргүй байсан биз. Холын замдаа аяншиж ядарсан ч ширээгээ тойроод чемоданыхаа ганцыг задлаад инээж, наргисаар нэлээд халамцжээ. Орон даяар явагдаж буй улсын ажлыг хийхээр 10 хоногоор томилолттой гарсан тэр өдөр би түүнийг харсан юм. Халамцуухан өрөөнөөс гараад хаврын зөөлхөн салхинд зогсохдоо хязгааргүй ертөнцөөр дураараа дүүлэн нисээд, хэнд ч хэлмээргүй сайхан үгсийг тэнд урсгамаар, шүдлэн говийн элсэн талд зүгээр л өнхөрмөөр, хачин жаргалтай байх минь хатуу юм тогтоосных бизээ.  Хором ч гэсэн аз жаргалыг мэдрээд эргэж өрөөндөө орох гээд явж байтал тэр урдаас ирж яваа харагдсан. Буудлын нарийнхан коридороор зөрөх агшинд тэр намайг шууд тэвэрч аваад уруулыг минь шунаг гэгч үнссэн. Тиймээ, тэр үнсэлт үнэхээр сайхан, яг л хорвоогоор дүүлээд, элсэн дээр өнхөрсөн мэт сэтгэлийг минь бодит болгож тааламжтай мэдрэмж төрүүлсэн ч танихгүй эрэгтэй, өөртөө итгэлтэй эмэгтэй хүний аашаар түүнийг цааш нь түлхчихээд өрөөндөө орсонсон. Тэр тохиолдлоор биднийг хүргэж өгөх санамсаргүй ажилд томилогдсоноо учирлаж төөрч будилж ирсэн энгийн гэхэд дэндүү энгийн эр хүн байлаа. Түүнд дурлах нэгээхэн бээр зүйл үгүй...

           Тэр угаас биднийг хүргэж өгөөд буцах зорилготой байсан учраас маргааш өглөө болоход явах тийшээгээ хандав. Гэвч явах гэж яарсангүй. Учир нь тэр намайг ямар хүмүүстэй хамтарч цааш явахыг харахыг хүссэн бололтой. Угаас бид багийн дарга, жолооч, судлаач гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сумын багуудаа хуваан авч, тэртээ уулын өвөрт байгаа бүх малчдаар явах зорилготой байсан билээ. Тэгэхээр би огт танихгүй хоёр эрэгтэй хүнтэй бүхэл бүтэн 10 хоног хөдөөгүүр тэнэнэ гэсэн үг. Түүнд намайг харамлах сэтгэл төрсөн нь илт.. Урд шөнө тэр миний өвөрт хэвтэж байлаа. Түүний хүсэл тачаалыг тэр үедээ гадны нөлөөгөөр ямартаа ч зогсоож чадсан. Түүний чөргөр атал хүчит гарын доороос салах бараг бүхэл биеэрээ эзэмдүүлэхэд саад үгүй болсон байсансан. Хэдий хуял тачаалдаа автсан ч хүний дэргэд үүлэн борооны ажил хийнэ гэдэг өөрөө байж боломгүй асуудал байсан юм. Тэр надад "надаас зугтааж буй хүнийг заавал өөрийн болгодог" гэж хэлсэн..... Тэр надаас утсыг минь асуугаагүй, харин замын хуудас дээрээ бидний бүгдийнх нь утсыг бичүүлж авсан...

            Түүнийг би аль хэдийн мартжээ. Завгүй явсан томилолт ард хоцорч, хавар, зун, намар өнгөрсөн байлаа.  Гэхдээ түүнтэй дахиад хэзээ дахин таарснаа санахгүй байх чинь, мянга хичээгээд бодолд ороогүй тэр өдрийг санахгүй байгаа ч түүнийг мэдэрсэн мэдрэмжийг мартаагүй нь сонин. Тэр надад сэтгэгдэл төрүүлж чадсан юм.
           Түүний жаргал мэдрүүлдэг эхлэл заавал дарс, пиво, заримдаа бүүр архи байдаг байлаа. Бид ихэнхдээ пиво сонгож шимэн уунгаа бүх л зүйлсийн талаар ярилцдаг байв. Заримдаа зөвхөн тэр, эсвэл би ярьчихдаг байсан нь гайхам. Тэр ихэнхдээ миний яриаг тасалдуулан хүч түрэмгийлэн намайг эзэмддэг. Надад энэ нь таалагддаг. Санаачлагатай, зоригтой эрэгтэйд би юугаа ч өгсөн бэлэн. Угаас тийм байсаар ирсэн...
           Зарим талаар тэр миний хэзээ ч үзээгүй тийм л аргыг сонгож, хэзээ ч ханаж чаддаггүй арслан барс шиг аяглах, хөдлөх, тачаадах гээд бидэн хоёр хорвоогийн жаргалыг хүссэнээрээ эдэлдэг байсан. Олон, олон гэрэлт сар бидэн хоёрын амраглалын гэрч болсон доо.
            Амьдрал сонин юм шүү. Хүн гэдэг амьтан хаанаас ч, ямар ч орчинд өөрөө л хүсвэл жаргалыг мэдэрч болдог бололтой. Түүний надад үлдээсэн олон дурсамжаас нэгийг санахад хөхөөн дуунаар сэрсэн тэр шөнийн халуун янаглал байсан. Хоромын төдийд майхан бариад л хорвоогийн жаргалыг голын харгиагаар түрлэг нэмээд, хаа нэгтэй адуу үүрсэх чимээтэй зэрэгцэн янаглах, гийнах тэр байгалийн сайханд өөрсдийнхөөрөө бие биедээ уусах агшныг бодохууяа сэрэл мэдрэмж ахин дахин төрөх юм.. Ай хорвоо гэж...
              Бүх зүйл эхэлдэг бас дуусдаг. Энэ угаас амьдралын тойрог.  Түүнээс явах цаг иржээ дурлалт залуу минь. Чамайгаа би эхнэрт чинь үлдээгээд явахаар шийдлээ. Тэр надад "Би чиний үүрдийн нууц амраг чинь байя" гэж хэлсэн. Гэхдээ үүрд гэдэг үг өөрөө үүрд бишийн нотолгоо шүү дээ. Би түүний халуун янаглалаас явмааргүй байна. Гэвч би заавал чамайг орхих ёстой. Шууд ингээд явчихаж чадахгүй болохоороо энд чамайг тамгалаж үлдээлээ. Дахин уулзахгүйгээ баталж үүнийг чамд уншуулна. Тэр үед чи намайг сүүлчийн удаа өөрийнхөөрөө эзэмдэж, хайрлан жаргаарай амраг минь...
                Би чамд дурлаж эхэлж байх шиг... Дурласан болохоор явлаа янаг минь....
Амьдрал ийм энгийн, би бүүр ч энгийн... 

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...