Sunday, April 24, 2022

Соронзон орон

 Би нэг тийм үл анзаарагдам өөрөө үгээр хэлж чадамгүй зүйлээс айдаг. Энэ айдас л миний бодит айдас юм шиг санагддаг...

Хүүхэд байхад халуураад хэвтэж байхдаа би учир битүүлэг таталцлыг мэдэрсэн, бараг харсан. Харин тэр дуу авиаг одоо толорхойлж бичиж чадахгүй. Тэр бол халуурсандаа дэмийрсэн дэмийрэл биш байсан. Би нэг далдын хүчинд татагдаад явахыг хүсээгүй. Ааваа гээд уйлчихсан... Аав цонхны цаанаас тос болсон гараараа цонхоор саравчилж хараад орж ирж билээ. Тэгээд цааш юу болсныг би санадаггүй юм аа. 

Яг тийм айдас хүргэм явдалтай би бараг дахиж таараагүй байх, байсан ч тийм хүчтэй мэдрэгдээгүй байх. Өдий олон жил амьдрахдаа өчигдөр шөнө би учир битүүлэг моторын гэмээр эргэлт хэмнэлттэй дуунд сэрээд бүр босоод суучихсан.

Тэгээд цагаа харсан 03:30 болж байсан. Надад Америк кинон дээр гардаг шиг тэр айдас хүргэм газар луу сонирхоод очих зориг байгаагүй. Жигд хэмнэлтэй тэр дуунд яг айдас гэхээр юм байгаагүй ч юм шиг санагдаж байгаа ч одоо болтол мартагдахгүй л байна. Тэгээд би жаахан байхдаа учиргүй айсан тэр нэг таталцлын долгионыг шууд санасан. Ямар нэг холбоо байна уу

Энийг тайлж мэдэх юмсан






Saturday, April 16, 2022

Ажлын ширээний ард

Хаврын адаг сарын шинийн 15

Өглөө би жаргаж байгаа 14-ний сар харсан. Цас нь ханзарсан уулын араар орохдоо тэр дургүй байсан, тэр өөрийн улаан шаргал том биеэ удаан гайхуулах гэж хэсэг саатсан, би чамд атаархаагүй ээ, гэхдээ чи дэндүү үзэсгэлэнтэй байсан. Үүрээр сар тийм том байдгийг тэгэхэд л харсан.

Харин удаагүй би өглөөний нар мандахад хацраа өгөн дулааныг мэдэрсэн. Ийм л амархан мартагдах мөч, хором...

Зовлонт биеэс гэтэлгэх хичээл оров. Ярих, тайлбарлах, тайлалаас илүү хүмүүсийн туулж буй амьдрал сонин байлаа.  Хүн хүний амьдрал гэдэг өөрөө л биеэрээ үзээгүйгээс бусад тохиолдолд гайхмаар үзэгдэл юм уу даа.

Тэр үед би энэ түүхийг л ярьчихмаар санагдаж байсан. Гэхдээ ярьж чадаагүй ээ. Тэгээд замдаа ийн ганцаараа ярьсан, харин одоо сайхан дэлгэрүүлж бичнэ.

Хэвлийд минь үр тогтчихсон байгааг зөнгөөрөө мэдрэв. Уул нь хамгаалах хэрэглэл хэрэглэсэн. 2 ч удаагийн өөр төрлийн хамгаалах хэрэгслээс туучаад гараад ирсэн амин үр минь...

Яадаг байсан ч үр хөндүүлэхгүй гэж шийдсэн. Одоо төрүүлэхгүй бол дахиад хүүхэдтэй болох эсэхээ би мэдэхгүй. Тухайн үеийн нөхцөл бол байж боломгүй байдал байсан юм. Хүний нутагт сурах гэж очсон, дөнгөж орох эрхийнхээ шалгалтанд тэнцсэн боловч үндсэн хэлнийхээ шалгалтыг өгөөгүй, сургууль руу өргөдлөө ч явуулаагүй, өөрийн гэсэн ажилгүй, виз дөнгөж жилээр сунгагдсан гээд хачин бүтэлгүй амьтан. Тэгээд нуух аргагүй болов. Нагац эгчдээ хэзээ нь  яаж хэлснээ санадаггүй юм.  Монгол руу ээжтэй биш аавтай ярих  зориг гаргаж байснаа санадаг. Аргагүй л дээ, Яг энэ тал дээр аав минь илүү өөриймсөг хандах магадлалтай, тиймдээ ч аавын минь хэлсэн үг миний тайвшралын эхний шат байсан юм чинь. Шинийн 15-нд хар могой зүүдлээд байсан юм гээд ийм учиртай байж гэж аав хэлэв. Авахуулаад яахав дээ, төрүүл миний охин гэсэн. Бараг өнөөдөртэй давхцаад байна уу даа, би бараг энэ үед анх хэлсэн шүү дээ. Угаасаа авахуулахгүй гэж өөртөө шийдсэн тул авахуулах боломжгүй болох үед нь хэлсэн дээ. Ээж минь харин эрдэм ном сурах гэж яваад ингэх ч гэж дээ гэж их л хөндий хүлээж авч билээ. Одоо бол хайлж урсдаг эмээ, өвөө болсоон..

Хүүхдээ төрүүлэх шийдвэр нагац эгчид үнэхээр том асуудал болов. Би ирээд дээрээс нь хүүхэд байж боломгүй асуудал... Тиймээ тэнгэр нураах мэдээ... Хэдий хүүхдээ төрүүлэнгүүтээ өргүүлчих гэж намайг уйлуулж байсан ч биднийг буцах хүртэл чин зүрхний сэтгэл зүрхээ зориулсан уяхан эгч минь шүү дээ. Хийсэн бүхэнд нь талархаж, хайрлаж, баярлаж явдаг юм. Гомдоож, уурлуулж байсан эгчдээ хайртай гэж хэлж байснаа санахгүй байна. Өөрөө мэдэхгүй байх эгчдээ хайртай шүү.

Тэгээд эмч дээр анхны үзлэгийн цаг авч одоо санахаар 5 сард юм болов уу даа, эрэгтэй эмч дээр таарав. Хамаг хувцасаа тайлаад үзлэгт орно гэдэг бас л эвгүй мэдрэмж шүү. За тэгээд эхогоор үзэж эхлэнгүүтээ хамгийн түрүүнд миний үрийн зүрхний цохилтыг маш чангаар сонсгов. Бурхан минь гэж хүн болох гэж байгаа тэр зүрх ямар хурдан цохилдог юм бэ... Тэгээд дэлгэцэн дээрх утга нь ойлгогдохооргүй хар цагаан дүрс. Гэтэл нүд нь сайн бүрэлдээгүй ч юм болов уу их том 2 ухархайтай нүд, том ам за бараг уруул бүрдсэн ч юм уу над руу толгойгоо эргүүлээд шууд инээсэн. Инээмсэглээгүй юм шүү зүгээр л инээсэн. Өө хөх тэнгэр минь гэж эмч хараад тэр чам руу инээж байна гэж хэлэхэд өөрийн эрхгүй нулимс урсаж билээ. Энэ агшныг мартаж болно гэж үү...

Буглаж, бачуурсан сэтгэл минь эмнэлгээс гараад нар өөд алхах гудамжинд замхарсан юм даа. Инээж байгаа хүүхдийн минь дүрс нүднээс салсангүй, замд зөвхөн түүнийг бодон бодон уйлав. Хүйсийг нь одоохондоо мэдэх боломжгүй гэж хэлсэн юм. Ингэж үзүүлэх хүртэл миний сэтгэл ямар байсан гэж санана, хэлэх юм байхгүй үнэхээр далайн ёроол шиг гүн харанхуй байсан юм. Ээждээ ирэх л гэж ирсэн үр минь.... 

Тэгээд би ингэж бодсон юм. Хэрвээ би үхэх гээд авсандаа хэвтэж байхдаа өнгөрсөн амьдралаа хураах юм бол энэ миний зовоод байгаа он жилүүд хэдэн минутанд бодогдож өнгөрөх бол гэж бодсон. Би бараг бодох ч үгүй цаг мөчүүд ч юм билүү гээд орон зайн бясалгал бараг хийчихсэн юм уу яасын би тэгж бодонгуутаа зүгээр л чөлөөлөгдчихсөн. Надад энэ амьдрал хүнд хэцүү биш шиг санагдаад зүгээр л амьдарчиж болмоор дэлхий шиг үзэгдээд явчихсан..

Тиймээ тэр өдрөөс хойш гайхамшиг тохиосон юм шүү үнэнгээсээ.  Тэнгэр нь нурчихсан эгч дээрээ очоод юу ч болоогүй юм шиг баяр бахдалтай эмнэлэгт болсон явдлыг хэлсэн юм. Тэр үед эгч маань юу ч хэлээгүй л дээ. Хэсэг хугацааны дараа гэдэс мэдэгдэхүйц томорсон үед бодож байж л хэлсэн байхдаа хүүхдээ өргүүлчих гэдэг үг хэлж байж билээ. Гэхдээ дараа дараагийн өдрүүд эгчийг энэ үгийг хэлсэндээ харамсмаар тийм л гэгээтэй, гэрэлтэй, гайхамшигаар дүүрэн өдрүүдээр солигдсон юм.

Би хичээлдээ явах чин сонирхолтой байсан болохоор худлаа ярьдагаараа дуудуулж нэг хэсэгтээ үеэлтэйгээ үг солилцохгүйгээр бие биенээсээ холдож байв. Удалгүй ажил маань хөнгөн ажил дээр томилогдов. Бүүр 1,2-р дайнд оролцож байсан 89-тай капитантай тааралдаж бүүр сонирхолтой болж хувирав. Энэ тухай жич дараа нь бичиж үлдээнэ. Одоо үнэндээ нэрийг нь мартсан байна, ямартаа ч тэр өвөө  90 хүрсэн юм шүү.

Байраа солих хэрэгтэй болов, 3-лаа амьдрахад хэтэрхий жижигдэнэ. Хотын төвийн хямдхан байрнаасаа гарна гэдэг бас л хайран ч юм шиг... Гэтэл нээх холгүйхэн дэргэдээ голтой, чигээрээ явсаар байгаад Шарлатонбургийн хатан хааны цэцэрлэгт хүрдэг, орчин үнэн дажгүй 1 давхрын том талбайтай тусдаа гал тогоотой 1 өрөө байранд орохоор болсон гээд боддоо. Мэдээж энэ байрыг өөрийн нэр дээр болгож амьдрах бололцоо гаргасан хүн нь манай нагац эгч минь шүү дээ. Хуучин байрандаа засвар хийж тогоон чинээ том гэдэстэй байхад дэргэд тусласан найзаа ч бас саначихлаа. Тиймээ үнэхээр л гайхамшиг юм шүү. Берлиний төв хэсэгт хямдхан үнэтэй тохилог байр олно гэдэг амаргүй ажил юм. 

Оюутны даатгалаар төрөх эмнэлэгт амаржина гэдэг угаас байж боломгүй зүйл. Тиймээс одоо нэрийг нь мартаж, гэхдээ цагаачдад тусладаг нийгэмлэгт очиж тусламж гуйсан. Тэдний тусламжтайгаар Берлиний төв төрөх эмнэлэгт амаржих эрхтэй болсон юм даа. Байршил нь тэгж таарсан юм. Мөн сургуулиасаа буцаж явахдаа бас тэр газрыг мэдэхгүй яаж орсноо санадаггүй Клингэтэй уулзаж таарав. Сэтгэл санаагаар дэмжихээс гадна намайг гарахад хөөрхий өрөвдсөндөө болоод 20 евро өгөөд гаргаж билээ. Сүүлд нь манайд ирж охинтой минь танилцаад явахдаа яг л над шиг байдалд орж үзсэн Турк эгч байсан даа. Яг хэнийх нь тусламжаар бүү мэд нэг удаагийн мөнгөн тусламж авсан. Герман орон надад муухай загнаагүй ээ.

Эмчийн хяналтанд ч үнэгүй орох эрхтэй болсон юм шүү. Хэн нь ч намайг гадаад оюутан гэж ад үзээгүй юм. Хүн ёсоор л харьцаж, хянасаар л төрсөн юм даа. Одоо харвал би зүс царайг нь ч танихгүй, ер нь эх барьсан шар буржгар үстэй сувилагч зурагт орсныг эс тооцвол надад тусласан бүгдийнх нь царайг үнэндээ санахгүй байна. Гэхдээ сэтгэлдээ надад тусласан тэдгээр бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж, баярлаж байгаагаа энэ бүтэн 15-ны сараар дамжуулж хүргэж байна. Би мэдэхгүй ч билэг оюун мэднэ гэдэг шиг далд ухамсар, сайхан энерги тэд нарт гэрэл болон очихыг хүсье. Хүслийг минь дайж, сэтгэлийг минь дамжуулсан сарандаа баярлалаа.

Үр минь ээждээ ирсэнээс хойш амьдрал тайван болж жигдрэв. Эцэстээ визээ яаж ийгээд сунгуулах эсвэл нутаг буцах шийдвэр гаргах салаа замын уулзвар дээр ирсэн юм. Энэ шийдвэрийг гаргах гэж би бүхэл бүтэн хагас жил шаналсан юм шүү. Намайг үлдээх гэж ажлын эгч нар минь ч бас эрвийх дэрвийхээрээ тусалсан. Нагац эгчийн минь ч сэтгэл үймрээд хоёулахнаа уулзаж оройг өнгөрөөж байсан үе бий. Эцсийн бүлэгтээ төрсөн өдрийнхөө идэж бараагүй бялууг, ургаж дэлбээлээгүй цэцгийн баглаагаа, нулимс дүүрэн нүдтэй эгч дүү нараа үлдээгээд нутаг буцсан юм. Үлдэж байгаа хүнд л хэцүү байдаг хойно. Нэг бүхэл, цул болсон бидэн хоёр нь нисээд явсан юм даа. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөөд ирдэг бол би үрээ тэврээд ээж аав дээрээ очсон юм даа.

Гэртээ эргээд ирэхэд ээж минь бяцхан үрийг минь тэвэрч чадахааргүй сульдсан, аав минь гэртээ байхаараа арслан бар мэт хахир болчихсон багын уур амьсгалгүй тэс өмнөө гэр бүл угтаж билээ. Ай би тэдэндээ нарны туяа болон цацрах ёстой байж. Эргээд хэвийн уур амьсгалтай болохын тулд нэлээд тэвчээр, мөс хагалах хэрэгтэй болсон юм. Ямартаа ч давж гарч чадсан юм.

Сүүлийн дүгнэлтээ бичих гэж байна. Одоо том зургаар харна аа кк. Би Монгол гэдэг гэр бүлд амьдардаг бөгөөд  Герман гэдэг найзынд нь очиж үзэхийг гуйсаар байгаад арай гэж очлоо. Өөр айлд байх их сонин, сүрдмээр сайхан байв. 1 өдөр гэртээ очих шаардлага гараад би сэтгэл зүрхний хайртай тоглоомоо аваад эргээд Герман луу буцав. Тэгсэн аав ээж хоёр минь намайгаа дэндүү их санаад байхаар нь 3 хоночихоод л буцаад ирэв. Уг нь 10 хонох төлөвлөгөөтэй байв. Герман намайг алган дээрээ бөмбөрүүлж, сайхан бүгдээр нүдийг минь хужирлаад, тэнд ер  нь байхад их таатай байв. Гэвч би ээж  аавыгаа бодох энхрий хайрт охин нь болохоор төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүрээд ирсэн юм. Хүн байх ёстой газраа л байх ёстой, цаг нь болохоор боловсордог үйлийн үр...

Надад маш олон дурсамжийг үлдээж нүд тайлсан сайхан он жилүүд болж өнгөрсөн билээ. Би байгаа орчиндоо нарны туяа мэт гэрэлтэн оршсоор байсан. Яг л нэр шиг ээ...













Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...