Saturday, February 19, 2022

Зүүднүүд

 Их усан зүүд, зүүднээс урссан усны орчил, хаанаас ч юм ирсэн их цас, цав цагаан тал би хаана явна вэ? Хунгарлаж далан татсан их цасанд уралдааны машин хөндлөн зогсжээ. Эгээтэй л мөргөөд зогссон мэт, явахын эцэсгүй их цас , яаж туулахыг хэн ч үл мэднэ, гэхдээ дөхөөд очсон урсгал нарийхан гол урсаж байв. Гарам, гармын эх мөстөж гөлийжээ, гэхдээ л цааш цасан дундуур явсан зам гарчээ. Бурхан минь тэр машин ямартаа ч явах замтай байлаа. 

Шилжилт, зүүд өөрөө эгшин зуурын өөрчлөлт байдаг. Хэн нэгэн тогтсон ус руу цүлхийгээд орчихсон, тэгсэн атал шатаар уруудаад толгой нь ус руу орж далд орсон гэлээ ч өгссөөр эргээд нөгөө талд гараад ирсэн. Ямартаа ч живсэнгүй, бурхан минь гэж...

Хязгааргүй их далайн эхлэл, цастай далай, сэрүүн агаар...

Хачин их бачимдал, дургүй хүргэсэн харилцаа, ярилцахаас тээр шаам мөч, гологдсон зүрх эсвэл шархалчихсан итгэл.. Би түүнд хэтэрхий их гомджээ. Тэр надад муухай үг хэлж, надтай муухай харьцаагүй, ганзага нийлдэг харилцаа л салаа замаар салчихсан. Харин би л салахыг хүсээгүйгээс гадна явуулмааргүй байсан. Гэхдээ энэ хачин бухимдалтай зүүдний дараа л жинхэнээсээ явуулахыг чин сэтгэлээсээ хүслээ. Унтаж, бараг харахгүй байх үедээ би түүнийг эгч дүүсийн жагсаалтаасаа хасчихсан. Амар амгалан мэдрэгдэх шиг... Ай миний энэ сэтгэл үү нэхэлтэй юмдаа. 

Өмдөндөө баасан нялх жаалыг Өлзий ах тэврэн авлаа. Хурайлах ёстой, гэтэл гоожуураас ус гоожоод түүнийг зүгээр болгох гэж ядаад, хажуугаар нь зөрчилдөж муудсан харилцааг яалтай, Бурхан минь гэж... Ах эв хавгүй бариад эмээгийн орон дээр түрүүлгээр нь харуулчихаад баасыг нь цэвэрлэхгүй суугаад байх юм. Зөнтэй гэж бодохгүй байгаа ч ерөөлтэй байг ээ.

Орхон орох гээд л уул даваад явж байсан, гэтэл яг л нүдний урд Эрдэнэт хот байдаг. Уул нь Орхонтой нийлэхээргүй хойд зүгт байдаг даа, Гэтэл гэнэт л Эрдэнэтэд байр түрээслэхээр болчихов. Саруулхан сайхан байр юмаа, гол түрээсэлж байгаа юм. Ийм цалинтай байж төлж чадах эсэхдээ бас эргэлзэж байна. Тэгээд л гараад л явлаа. Гэв гэнэт бөөн адуу байх юм. Яагаад ч юм очиж сонирхсон чинь яг доор нь Орхон гол урсаж байх юм. Эргийн дагуу хашаа татчихаж, энэ голын цаана гарчихвал уул нь төрсөн нутаг минь ойрхон юмсан. Явж чадахааргүй болжээ. Тэгээд уулан дээр явж байтал гэнэт нисдэг тэрэг огцом хөдөлгөөн хийж дээш доош болж байснаа 4 хаусыг мөргөөд онхолдон дэлбэрч байгааг харж зогсов. Хаус хорооллын зүүн хойд хэсэг бөөн утаа униар... тэгээд сэрсэн байх, дөнгөж сэрээд ус зүүдэллээ гэж баярласан боловч яагаад ч юм сийрүүлэн бичэхэд би уснаасаа холдож байгаа шиг хачин их гансралтай бичив. Ингээд явчихаж чадахгүй хашаатай холбоотой морьд шиг үүрсэн байв. Ай би гэдэг хүн нисэн дүүлэхийг л хүсдэг биш билүү...

No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...